Хүнс Комплекс ХХК-ийн гаргаж буй нийтлэлүүдээр бид мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ, шимт чанар, илчлэг, зохистой хэрэглээ зэргийг олон жишээн дээр цогцоор нь авч үзэх бөгөөд та нийтлэлээ дуустал нь уншсанаар махан бүтээгдэхүүний талаар цогц мэдлэгтэй болох болно.
Өсөн нэмэгдэж буй мах, махан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, боловсруулсан махны орц найрлага, хүний биед үзүүлэх нөлөө, уургийн агууламж зэргийг үй олон тоо баримтаар тайлбарлахаас өмнө эхлээд хүн төрөлхтөн хэзээ, хэрхэн анх мах хэрэглэх болсон талаар толилуулъя.
Энэ бүхэн 2.6 сая жилийн өмнө эхэлжээ. Цаг уурчдын үзэж байгаагаар 2.6-2.5 сая жилийн өмнө дэлхий хэт халуун, хуурай болсон байна. Уур амьсгалын энэхүү өөрчлөлтөөс өмнө бидний хамгийн холын, дээд өвөг болох гоминини (hominini) бич ихэвчлэн жимс, навч, үр, цэцэг, модны холтос, булцуугаар хүнс тэжээлээ бүрдүүлдэг байв. Температур нэмэгдэхийн хэрээр өтгөн ой мод багасч, харин өргөн уудам бэлчээрийн нутаг үүсэн бүрэлдсэн байна. Ногоон ургамал ховордсоноор эртний хүмүүсийг хүнс тэжээлийн өөр шинэ эх үүсвэр хайхад хүргэжээ.
Африк тив даяар тархсан бэлчээрийн газар буюу саванна нь өвсөн тэжээлт амьтдын тоо толгойг нэмэгдүүлсэн байна. Манай эртний гоминины өвөг ангуучлах чадваргүй байсан хэдий ч чухам энэ үед сээр нуруутан амьтдаас үлдсэн сэг зэмээр хооллодог байсныг археологичид тогтоожээ.
“Мах нь хүн төрөлхтний хүнс тэжээлийн бүрдэлд ороход тийм ч удаан хугацаа шаардагдаагүй бөгөөд одоогоос 2 сая жилийн өмнө анхны хүний төрөл зүйл өдөр тутамдаа тогтмол мах иддэг байсан тухай археологийн хангалттай нотолгоо байгаа” гэж шинжлэх ухааны сэтгүүлч Марта Зараска хэлжээ.
Орчин үеийн хүний тархи бусад сармагчны төрлүүдээс хамаагүй том бөгөөд бидний алс холын өвөг болох Австралопитек буюу Хомогийн өмнөх өвгийн тархинаас гурав дахин том юм. Гэхдээ эдгээр том тархи нь ажиллахад их хэмжээний энерги шаарддаг бөгөөд бидний тархи биеийн нийт эрчим хүчний 20 хувийг хэрэглэдэг байна. Энэ тоо нь нийт энергийн 3-4 хувийг шаарддаг тархитай нохой, муур зэрэг амьтадтай харьцуулахад даруй 5-6 дахин их юм.
Мах нь эдгээр том хэмжээтэй, өлсгөлөн тархийг тэжээх энергийн голлох хэсгийг бүрдүүлдэг байсан бөгөөд зарим эрдэмтэд хүнийг “хүн” болгосон хамгийн чухал зүйл мах байсан гэж үздэг.
Бид хүн төрөлхтөн мах хэрэглэж эхэлсэн учир шалтгаан, урьдач нөхцөл болон ашиг шимийн тухай толилууллаа. Танин мэдэхүйн булангийн дараагийн дугаарт орчин үеийн хүн төрөлхтний махны хэрэглээний талаар Монгол улс болон АНУ-ын жишээн дээр сонирхолтой баримтуудыг оруулах болно. Таны оюуны мэлмий цэвэр тунгалаг байх болтугай!