Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг “тогтмол” уухаас эхэлнэ. Хүн болгон өглөөд цай ууж байж ажил, сургуульдаа явах ёстой.
Өглөөний цай уух нь бодисын солилцоог эрчимжүүлнэ, цусан дах сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана, өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдэлээс хамгаалдгийг эрдэмтэд нотолсон байна.
Мөн өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна, ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг аж. Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлдгийг тогтоожээ.
Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай ихээхэн ач холбогдолтой.